"Эхийн алдар одонтой ээжүүдэд олгох мөнгөн тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэхээр ажиллаж байна"

1 сарийн өмнө 85
Featured Image
ЭНД СУРТАЛЧИЛГАА БАЙРЛАНА
H БАЙРЛАЛ

Өндөр хамгийн багадаа 200px

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан зохион байгуулж буй “Алдарт эхийн одонт ээж” хүндэтгэлийн ёслол Төрийн ордонд боллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүд, эмэгтэйчүүдэд талархал илэрхийлэн, баяр хүргэж үг хэлэв. 

Тэрбээр "Өнөөдөр Монгол төрийн гал голомт болсон Төрийн ордондоо Монголын сайхан ээжүүдийн төлөөлөл болсон мянган дарь эх чуулж, ерөөл бэлгэ тэгширч, хайр энэрэл, аз жаргал, баяр баяслаар бялхаж байна.

Энэрэл хайрын бурхад болсон ижий Та бүхэндээ энэ ертөнцийн гэрэл гэгээ, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Аливаа улс үндэстний эв нэгдэл, хөгжил цэцэглэлт, харилцан ойлголцол, гэр бүлийн аз жаргалд эмэгтэйчүүдийн үүрэг, оролцоо юу юунаас илүү чухал байдгийн нэгэн адил хүн төрөлхтний эе эв, аюулгүй байдал, хөгжил дэвшилд эмэгтэйчүүд, ялангуяа эмэгтэй удирдагч, манлайлагчдын үүрэг, оролцоо нэн чухал билээ.

Энэ жил Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг дэлхий нийтээрээ “Эмэгтэйчүүдэд хөрөнгө оруулъя: Хөгжил дэвшлийг хурдасгая” уриан дор тэмдэглэж байна.

Эх орны минь эхлэл болсон эрхэм хүндэт Монголын сайхан ээжүүд ээ монголчууд бид өнө эртнээс элбэрэлт эхчүүд, үзэсгэлэнт эмэгтэйчүүд, билиг төгс охид бүсгүйчүүдээ өрх гэрийнхээ нэгэн багана, улс үндэстнийхээ нэгэн тулгуур хэмээн үзэж, үнэт сургаалыг нь сонсож, үйл хэргийг нь мөнхжүүлж ирсэн бахдам сайхан түүхтэй.

Тийм ч учраас Монгол Улсын үе үеийн төр, засгийн бодлого, үйл ажиллагааны төвд охид, эмэгтэйчүүд байж ирснийг Та бүхэн мэднэ.

Монгол Улс Ази тивд анх удаа 1924 онд Үндсэн хуулиараа эмэгтэйчүүдийн сонгох, сонгогдох эрхийг баталгаажуулж, сурч боловсрох, хөгжин дэвших, удирдан манлайлах эрхийг хангаж, жендэрийн тэгш эрхийг баримтлан, төрийн бодлогод хэрэгжүүлсээр ирсэн билээ.

Энэ жил Монголын эмэгтэйчүүдийн ууган байгууллага болох Монголын эмэгтэйчүүдийн холбоо үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой тохиож байгааг тэмдэглэн хэлэхэд таатай байна.

Цаашид бид хүн амаа өсгөх, эх оронч, эрүүл чийрэг монгол хүнийг төлөвшүүлэх бодлогоо тууштай баримталж, олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдийг урамшуулах, “Эхийн алдар” одонтой эхчүүдэд олгох мөнгөн тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэхээр ажиллаж байна

 

Өнгөрсөн онд төрийн тулгуур, улсын үндэс болсон айл өрх маань 66,234 хүүхдээр ам бүл нэмж, хүн ам 3.5 саяд хүрлээ. 10,638 эх “Эхийн алдар” одон хүртлээ.

 

Мөн хүн ам 2033 онд 4 сая, 2048 онд 5 саяд хүрэх төлөвтэй байна. Улсын хөгжил хүнээсээ эхэлдэг. Монгол хүн бол Монголын ард түмний эрхэм дээд баялаг мөн. “Хүн нэмэгдвэл хүнс нэмэгддэг” гэж манай ард түмэн ерөөдөг.

Монголын баялаг болсон хүмүүнийг төрүүлж өсгөн, эх орныхоо хөгжил дэвшилд үнэлж баршгүй хувь нэмэр оруулж байдаг амьд бурхад болсон ээжүүд, эхчүүддээ гүн талархал илэрхийлье.

Хэцүү бэрхийн өмнө унаж босож, уруудаж өгсөж явахад минь эрчүүд биднийг энэрэл хайраараа түшдэг ханийн сэтгэл, эхийн хайр шиг аугаа зүйл энэ хорвоод үгүй билээ. Тиймээс эрчүүд бид эхийн хайр, бүсгүйн сэтгэлийг эрхэмлэн дээдэлж, нандигнан хайрлаж явах учиртай.

Хайрын тэнгэр, ханийн түшиг, халамжит эмэгтэйчүүддээ, хацар гоо охид бүсгүйчүүддээ хан хорвоогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Монгол газар ээжийн бүүвэйн дуу өнө мөнхөд эгшиглэж, монгол эмэгтэйчүүд үргэлжид аз жаргал, баяр баяслаар бялхаж байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Эрхэм хүндэт ээжүүд, эхчүүд, охид, бүсгүйчүүддээ Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн баярын мэндийг дахин хүргэе. Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай” гэлээ.