Шинээр бүрдсэн парламент ТӨСВИЙН ТОДОТГОЛ хийхэд хүрч болзошгүй

5 сарийн өмнө 198
Featured Image
ЭНД СУРТАЛЧИЛГАА БАЙРЛАНА
H БАЙРЛАЛ

Өндөр хамгийн багадаа 200px

УИХ-ын бүтцийн байгууллагуудаар Монгол Улсад 2024 онд баримтлан хэрэгжүүлэх Улсын нэгдсэн төсөв, Мөнгөний бодлогыг хэлэлцэж хэдхэн хоногийн дараа эцэслэн батлах гэж байна. Сонгуулийн жилийнх гэдгээрээ өндөр дүн, өссөн зарлагатай төсөв боллоо хэмээн түүнийг шүүмжилж буй хүн олон байгаа юм. “Агаарын төсөв”, “Хөөсөн төсөв”, “Хэтэрхий өөдрөг төсөв”, “Сонгуулийн жилийн хавантай төсөв” гэхчлэнгээр мэргэжлийн зарим хүн ил тодоор шүүмжлэх нь ч нэлээд сонсогдож буй.

Сангийн яамнаас өргөн мэдүүлсэн төсвийн төсөлд Монгол Улсын тэнцвэржүүлсэн орлого 2024 онд 25.3 их наяд төгрөг,зарлага 27.3 их наяд төгрөг байх ажээ. Өөрөөр хэлбэл, 25.3 их наядыг олоод 27.4 их наяд төгрөг зарж үрнэ гэсэн үг. Энэ дундаас 2.1 их наяд төгрөгийн алдагдал гарна. Түүнийг өр тавьж дарах уу, бонд гаргаж нөхөх үү, гаднаас дахиад л өндөр хүүтэй зээл авч урд хормойгоо хойд хормойгоороо нөхөх үү гэдэг асуулт бий. Энэ асуулт мэдээжээр одоо бүрэн эрхээ хэрэгжүүлж буй парламентад хамаагүй. “Дүлийдээ найдаж...” гэгчээр ийм нэг хөөсөрсөн төсөв гаргаж, сонгуулиар баахан халамж амалсны балгийг 2024 онд шинээр бүрдэх парламент, шинэ Засгийн газар үүрнэ. Төсвийн зарлагадаа дарагдаж сөхөрч унахгүйн тулд төсөвтөө гар хүрч тодотгол оруулах нь бараг зайлшгүй биз. Аягүй бол сурснаараа “Бүсээ чангал ард иргэд минь” болоод явчихаж ч мэднэ. Нэгэнт сонгууль өнгөрсөн байх тул сонгогчдоос оноо авах мэтийн “илүү зан”-г орхиж, үнэнтэй улаан нүүрээр нь тулгана гэгч болж ч магадгүй.

Ирэх жилийн төсвийн төслийг мэргэжлийн хүмүүс янз бүрээр дүгнээд эхэллээ. БНХАУ-ын эдийн засгийн чадавхи суларч байгаа, дэлхийн эдийн засаг цар тахлын дараагаар төдийлөн эрчтэй сэргэж чадаагүй, Монголын эргэн тойронд өрнөж буй геополитикийн сөргөөлдөөнт байдал намжих шинжгүй байгаа зэрэг нь гадаад худалдааны болон  эдийн засгийн өсөлт, сэргэлтэд таатай нөлөө үзүүлж чадахгүй болов уу гэсэн таамаглалыг зарим судлаач дэвшүүлжээ. Эдгээр хүчин зүйлээс шалтгаалж уул уурхайн бүтээгдэхүүний үнэ дээшилж доошлох нь гарцаагүй. Түүний орлогоос шууд хамааралтай манай эдийн засаг нэг сэргэж, нэг унаж байдаг учир төсвийн зардлаа тогтвортой байлгах учиртай. Гэтэл үүнийг харгалзан үздэггүйгээс Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиа өөрчилж, төсвийн зардлаа нэмэгдүүлэн зарлагаа хэтрүүлдгийг ч сануулсан мэргэжилтнүүд байна.

Хамгийн сэрэмжлүүштэй нь ОУВС-гийн Монгол дахь суурин төлөөлөгч Тигран Погосян 2024 онд дэлхийн зах зээл дээр ашигт малтмалын үнэ буурах магадлалтайг сануулжээ. Тэгэхээр төсвөө сайтар нягтлан батлах, байдал хүндэрч, уул уурхайн бүтээгдэхүүний үнэ ханш буурч, муугаар бодвол геополитикийн сөргөлдөөнт байдал сунжирвал УИХ-ын 2024 оны сонгуулийн дараа шинээр бүрдсэн парламент төсвийн тодотгол хийхэд хүрч болзошгүй байдал үүсэхийг үгүйсгэмгүйг дээр хэлсэн.

Төсөв дотроос улсын төсвөөр аймаг, орон нутагт хийх хөрөнгө оруулалт  иргэдийн сонирхлыг хамгийн ихээр татдаг. Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарын нутаг, мөн УИХ-ын дарга Г.Занданшатарын бага ахуйдаа томилолтоор очсон аавыгаа дагаж гэр бүлээрээ хэсэг хугацаанд амьдарч байсан Хэнтий аймагт энэ үзүүлэлт хамгийн өндөр байгаа нь олон нийтийн  шүүмжлэлийн бай болоод байгаа билээ.

2024 онд аймгуудад хуваарилсан хөрөнгө оруулалтын төсвөөр Хэнтий аймагт 732 тэрбум төгрөг төсөвлөсөн нь бусдаас хол тасархай харагдаж байгаа юм. Түүний дараагаар Төв аймагт 628.3 тэрбум, Дорноговьд 534 тэрбумыг төлөвлөжээ. Хамгийн бага нь Өмнөговьд 39.5 тэрбум, Орхон аймагт 115 тэрбум төгрөг төсөвлөсөн нь тэдгээр аймаг уул уурхайн олборлох, баяжуулах үйлдвэрүүдтэй, өөрийгөө санхүүжүүлээд улсдаа ч татвар ихийг өгдөгтэй холбоотой. Тэгвэл Монгол Улсдаа хамгийн олон хүн амтай, 24 буюу хамгийн олон сумтай, уул уурхайгүй, Хэнтийтэй л адилхан аялал жуулчлалын бүс нутаг болох Хөвсгөлд 383.9 тэрбум төгрөг тавьсан нь гуравхан сумтай Говьсүмбэр аймагт тавьсан 279.5 тэрбум төгрөгөөс тийм ч хол зөрүүгүй байх шиг. Тэгэхээр аймагт төсөв хуваарилахад хүн амын тоо хамаагүй бололтой. Уг нь Хөвсгөлийн 24 сум, 136 мянган хүн ам, Говьсүмбэрийн 3 сум, 20 орчим мянган хүн ам хоёрын дунд их зөрүү бий дээ. Хэнтийд аялал жуулчлал хөгжүүлнэ хэмээн их мөнгө тавьдаг бол Хөвсгөл ч ялгаагүй л тийм бүс нутаг. Ялгаатай нь Хэнтий түүхэн аялал жуулчлалынх юм гэнэ лээ.

Эргээд Хэнтий аймгийн төсвийг авч үзье. Түүхэн аялал жуулчлалын бүс нутаг гэдгээр нь Хэнтий аймагт хөрөнгө оруулалт түлхүү тусгагдсан хэмээн албаны хүмүүс тайлбарлаж байгаа ч тэр хөрөнгөөр яг юуг бүтээн байгуулах, мөнөөх Андлалын хөшөө шиг нэг баримал босгоод олны шүүмжлэл өрнөмөгц буцааж нураан шинийг хийх гэх мэтээр хөрөнгө үрэх үү гэсэн асуултууд гарч ирж байгаа юм. Хэнтийн хөрөнгө оруулалтын нэлээд нь аялал жуулчлалаас гадна авто зам барьж байгуулахтай холбоотой гэнэ. Тухайлбал, Дорнод аймгийн Ульхан боомт руу тавих замын Хэнтий аймгаар дайран өнгөрөх хэсэг тус аймгийн нэр дээр тусгагдсан нь өндөр дүнтэй харагдах нэг шалтгаан болсон хэмээн Сангийн яамныхан тайлбарлажээ. Өөрөөр хэлбэл, Дорнод тийш явах замын хэсэг Хэнтийн нутгаар дайрсны улмаас аймгийн төсвийг өндөр харагдуулахад нөлөөлөөд байгаа гэнэ.

Ирэх жилийн хөрөнгийн хуваарилалт өмнөх онуудынхаас нэлээд онцлогтой байгааг мэргэжлийн хүмүүс тэмдэглэжээ. Түрүүчийн жилүүдэд эрүүл мэндийн тогтолцоог сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх, гурван ээлжээр хичээллэдэг сургуулиудын тоог аль болох цөөлөх, орон нутгийн иргэдийн чөлөөт цагаа өнгөрүүлдэг газрыг тохижуулахын тулд соёлын төвүүдийг шинэчлэх, боловсрол, эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулалт түлхүү хийдэг байж. Харин 2024 оны төсвөөр дэд бүтцийн салбар, түүний дотор эрчим хүч, аймгуудын авто замын бүтээн байгуулалтад илүү хөрөнгө оруулахаар шийджээ. 

Эцэст нь төсөв л бол төсөв, тоон илэрхийлэл дээр тулгуурладаг учир хэдэн тоо баримт дурдая. Дээрх баримт бичигт инфляцын түвшинг  2024 оны сүүлээр 8.5 орчим хувь байхаар төсөөлжээ. Цар тахлын дараагаар эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд эерэг өөрчлөлттэй гарч эхэлсэн боловч сүүлийн 20 сар буюу нэг жил, найман сарын хугацаанд инфляцын түвшин10 хувиас дээш гарсаар ирсэн. Тэгвэл ирэх жил 1,5 хувь орчмоор инфляцийг буулгахаар төсөөлсөн нь энэ юм. 2023 оны хоёрдугаар улирлын эхээр Азийн хөгжлийн банкнаас танилцуулсан Монгол Улсын эдийн засгийн 2023-2024 оны нөхцөл байдал төлвийн төсөөллөөр жилийн дундаж инфляцын түвшин 2023 онд 10.9 хувь байгаа бол 2024 онд 8.7 хувь болж Монголбанкны зорилтот түвшинд ойртоно хэмээсэн байдаг. Монгол Улсын 2024 оны улсын нэгдсэн төсвийн төсөлд тусгасантай уг тоо ойролцоо байгааг эндээс харж болно. Энэ нь 2022 оны инфляцийн өндөр түвшний үзүүлэлтээс алгуур буурах үзүүлэлт ажээ.

Ирэх онд экспортыг 15.4 тэрбум ам.доллар, импортыг 10.0 тэрбум ам.долларт хүргэж, гадаад худалдааг 5.4 тэрбум ам.долларын ашигтай байлгахаар төсөөлсөн байна. Гэхдээ ОХУ, Украины хоорондох байдлаас шалтгаалж Европоос Монгол руу чиглэсэн гадаад худалдааны эргэлт саарч буйг салбарынхан хэлдэг. Бас энэ байдал Монголын агаараар дайран өнгөрдөг онгоцны тоог бууруулж, навигацын орлого ч буугаад байгаа билээ.

Энэ жил гэхэд инфляцийн түвшин өндөр байж, иргэдийн орлого буурч, худалдан авах чадвар муудсан. Нөхцөл байдал ийм болсон учир өнгөрсөн долоодугаар сарын 1-нээс 2023 оны Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж цалингийн суурь итгэлцүүрийг шинэчлэх аргаар ахмад настны тэтгэврийн зөрүүг ойртуулсан, халамжийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлсэн, мөн төрийн албаны цалингийн тогтолцоог шинэчилсэн билээ. Эдгээр арга хэмжээ тодорхой үр дүнд хүрч энэ оны сүүлээр төлбөрийн тэнцэл ашигтай гарч, гадаад валютын албан нөөц дөрвөн тэрбум ам.доллараас давж, эдийн засаг зургаан хувиар өсөх төлөв гарчээ.

Дээр өгүүлсэн Азийн хөгжлийн банкны танилцуулгад 2022 онд 4.8 хувьтай гарсан эдийн засгийн өсөлт 2023 онд 5.4, 2024 онд 6.1 хувиар тус тус нэмэгдэхээр байгааг дурдсан юм. Ирэх жилийн төсвийн төсөөлөлд эдийн засгийн өсөлтийг 7.0 хувьд хүргэнэ гэсэн нь бага зэрэг өсөлттэйгээр дээрхтэй таарч байгааг харж болно. Уул уурхайн салбар сэргэж, экспорт нэмэгдсэн, Оюутолгойн гүний уурхайн олборлолт өссөн, боомтуудын хүчин чадал нэмэгдсэн зэрэг олон хүчин зүйл ямар боловч эдийн засгийн өсөлтөд нөлөөлж байгаа. Ямар ч гэсэн өөдрөг төсөөлөлтэй төсөв УИХ-ын босго давахад тун дөхөж явна.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН