Чингэлтэй дүүргийн жишиг Камерын төв

5 сарийн өмнө 479
Featured Image
ЭНД СУРТАЛЧИЛГАА БАЙРЛАНА
H БАЙРЛАЛ

Өндөр хамгийн багадаа 200px

Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах үүднээс Чингэлтэй дүүргийн удирдлагууд “Камерын хяналтын нэгдсэн төв”-ийг байгуулаад жилийн хугацаа өнгөрч байна. Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэргийн гаралтыг бууруулах, нийтийн хэв журмыг сахиулахад нийслэл төдийгүй улсын хэмжээнд сайн жишиг болж буй тус төвийг энэ удаагийн дугаарт онцоллоо. Хороо, дүүрэг гэлтгүй улсын хэмжээнд камержуулалтыг иж бүрнээр хийх шаардлага зүй ёсоор тулгарсныг бусдын гарт харамсалтайгаар амь насаа алдсан 12 настай охины хэрэг бэлхнээ харуулсан энэ цаг үед камержуулалтыг ямар байдлаар хийх, байнгын ажиллагааг хэрхэн хангах зэрэгт туршлага болгох үүднээс бид энэ удаагийн “Сэдэв”-ийг бэлтгэсэн юм. Дорноговь аймгийн хувьд 2019 онд иж бүрэн камержуулалтыг хийсэн ч засвар, арчлалтыг орхигдуулснаас өнөөдрийн байдлаар ажиллагаатай ганц ч камергүй нь тодорхой болсон. Тэгвэл Чингэлтэй дүүргийнхэн “Камерын төв”-ийн үйл ажиллагааг тасралтгүй, амжилттай ажиллуулахын тулд ямар зохион байгуулалтад оров. Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл “Засаг даргын ажил хүлээн авснаас хойш иргэдтэй уулзах бүрд камержуулах хүсэлт маш их ирдэг байсан. Үүний дагуу нэн шаардлагатай цэгт камер суурилуулахаар Нийслэл рүү хүсэлт гаргахаар тендер, ТЭЗҮ гэж явсаар 80 сая төгрөг төсөвлүүлж авдаг. Энэ нь эргээд найман камер болж ирдэг байлаа. Гэтэл найман камер бидний эрэлт, хэрэгцээг хангахгүй буюу ерөөсөө хүссэн үр дүнд хүрэхгүй байсан л даа. Ингээд ямар ч байсан камерын асуудлыг шийдэх ёстой гэж үзсэнээр өнгөрсөн онд ИТХ-аас Ажлын хэсэг байгуулаад дүүргийн хэмжээн дэх бүх камерын нөхцөл байдлыг харж, судалсан. Гэтэл тухайн үед ерөөсөө арван камерын нэг нь л ажиллагаатай байсан. Бодит байдал ийм хангалтгүй байсан учраас 2022 оны гуравдугаар сард ИТХ-ын төлөөлөгчдөө Нийслэлийн Шуурхай удирдлагын төвд аваачиж танилцуулсан. Мөн Цагдаагийн I болон II хэлтэст байрлаж байсан камерын хяналтын нөхцөл байдлыг ч харуулсан. Дэлгэцүүд нь эвдрэлтэй, тодорхой температурт байлгах ёстой тоног төхөөрөмжүүд агааржуулалтгүй халуун өрөөнд байрласан гэх зэргээр техникийн нөхцөл, шаардлага хангалтгүй байгаад байсан. Ямар нэгэн эвдрэл гэмтэл гарлаа гэхэд цагдаагийнханд засвар арчлалтын төсөв байдаггүй гэх мэт олон асуудал байдаг нь тодорхой болсон. Тиймээс бид 2022 оны зургадугаар сард нь Цагдаагийн хоёр хэлтсийн дарга болон дүүргийн Нийтлэг үйлчилгээ, Хөрөнгө оруулалтын газрын дарга нарын хамт хуралдсан юм. Ингээд “Камерын хяналтын төв”-ийг тусад нь байгуулъя, дүүргийн “Нийтлэг үйлчилгээний газар”-т нэгтгэе. Хүн хүч, хөрөнгө санхүү, завсар үйлчилгээг нь энэ газарт хариуцуулж явъя гэдэг шийдвэрийг гаргасан юм. Ингэснээр нэг хороог нэг тойрог гэж үзэж 40 цэг гаргаад камержуулалтаа хийж эхлэх нь зүйтэй юм байна гэдэг зураглалыг анх гаргаад ажлаа эхлүүлсэн. Дэд бүтэц татах ажил эхлээд явж байх зуурт наймдугаар сард ЦЕГ-ын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсээс “Ногоон бүс” гэдэг төсөл хэрэгжүүлэх саналыг бидэнд тавьсан юм. Ингээд цагдаа нартайгаа ярилцаж байгаад дүүргийн гэмт хэргийн гаралт өндөртэй цэгүүдэд эхлээд камержуулалт хийхээр болсон. Цагдаагаас барьж орж ирсэн төсөлд зорилтот хэсэг болох дүүргийн I хороо буюу Их дэлгүүр орчимд 145 камер суурилуулахад 600-гаад сая төгрөг шаардлагатай гэсэн тооцоо бүхий төслийг танилцуулсан л даа. Харин бидний хувьд 130-аад сая төгрөгийн төсөвт багтаан тухайн ажлыг хийж гүйцэтгэхээр тохиролцсон. Ингээд цагдаагийнхан маань шаардлагатай цэгүүдийг хорооны хэсгийн ахлагч, СӨХ-ныхонтой хамтран гарган өгч, бид дэд бүтэц татах ажлаа хийж эхэлсэн. Эхний шатны ажил маш амжилттай болсон, олон талын эерэг үр дүн гарсан. Ингээд бид 2022 оны аравдугаар сард дүүргийн “Нийтлэг үйлчилгээний газар”-ын байранд “Камерын хяналтын нэгдсэн төв”-ийг байгуулан, үйл ажиллагааг нь эхлүүлсэн. Ингээд 2022 орны арванхоёрдугаар сард II, III, XII, XXI хороонд дэд бүтэц татсанаар камераа суурилуулж эхэлсэн. Ажил үндсэндээ ингээд жигдэрсэн. Харин хөрөнгө санхүүг Орон нутгийн хөгжлийн сан болон дүүргийн Хөрөнгө оруулалт, ИТХ-аас гэх зэргээр шаардлагатай ажлын зардлыг дээрх эх үүсвэрээс гаргаж хуваарилсан. Өнөөдрийн байдлаар бид дүүргийн 24 хорооны 19-ийг камерын хяналтад оруулаад байна. Цаашид үлдсэн хороодыг энэ ондоо багтан бүрэн камержуулах зорилго тавиад ажиллаж байна. Дараагийн шатанд бид программ хангамжаа сайжруулахад төвлөрнө. Нэмээд ухаалаг системд шилжих буюу илүү нарийвчлалтай, царай болон машины номер дугаар таних, хувцасны өнгөөр хайж олох тусгайлсан камерын тоог нэмэх төлөвлөгөөтэйгөөр ажиллаж байна” гэлээ. Энэ бол өнөөдөр улсын хэмжээнд жишиг болоод буй “Камерын хяналтын нэгдсэн төв”-ийг байгуулсан түүх.

Нөгөө талаас амьдарч буй орчин тойрноо эрүүл, аюулгүй бүс болгоход иргэн бүрийн оролцоо хамгийн чухал гэдгийг эндээс харж болно. Чингэлтэйнхэн дүүргээ “Ногоон бүс” болгоход дор бүрнээ сэтгэлтэй, санаачилгатай, хариуцлагатай ажилласны хүчинд өнөөдөр нийт газар нутгийнхаа 80-аас илүү хувийг камерын бүрэн хяналтад оруулж, “Ногоон бүс” болгож чаджээ. Түүнчлэн хаа нэгтээ камер зоогоод орхих бус дараах засвар арчлалт, программ хангамж, техникийн шинэчлэл зэргийг буух эзэн, буцах хаягтай болгож, нэгбүрчлэн эзэнжүүлж байж сая энэ ажил цогц байдлаар хэрэгжинэ гэдгийг ийнхүү бодитоор харуулж буй. Чингэлтэй дүүргийнхэн “Камерын хяналтын төв”-тэй болох ажлыг эхлүүлснээс хойш нийтдээ гурав орчим тэрбум төгрөгийг зарцуулсан бол хийхээр төлөвлөсөн ажлынхаа 60 гаруй хувийг хийж гүйцэтгээд байгаа ажээ. Цаашид программ хангамжаа сайжруулж, үлдсэн таван хороогоо камержуулснаар ажил 100 хувьд хүрнэ.

 “Нийтлэг үйлчилгээний газар”-ын дарга С.Энхтайван “Камерын хяналтын нэгдсэн төв”-ийн хөгжлийн дараагийн шатыг “Цаашид дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхах буюу ухаалаг программ хангамжийг цаг алдалгүй нэвтрүүлнэ. Тухайлбал, тэр олон мянган дэлгэцнээс зөвхөн хог хаясан тохиолдлыг илрүүлдэг буюу дохио өгдөг болох хүртлээ камерын систем ухаалаг болчихсон. Оноос өмнө бүх хороогоо камержуулж дууссанаар ирэх оноос эхлэн илүү нарийвчлалтай, ухаалаг систем нэвтрүүлэхэд төвлөрч ажил­лана” гэсэн бол хүүхдийн орчинд гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлд сургууль, цэцэрлэг орчмын бүсийн камерын тоог нэмэгдүүлэхээс гадна хүүх­дийн тоглоомын талбайд спикер байрлуулж эхэлснээ дуулгасан юм. Ингэснээр тухайн орчинд хэн нэгэн зүй бус үйлдэл үзүүлбэл тэр даруйд таслан зогсоож, арга хэмжээ авах боломжтой болох бөгөөд спикерийг Цагдаагийн хяналтад байлгах аж. Энэ нь хүүхдэд аливаа эрсдэл учирлаа гэхэд дуудлага өгөөд ирдэггүй, цаг алддаг байдлыг таслан зогсоох, хүүхдийн орчинд зүй бус үйлдэл гарахаас сэргийлнэ. Улмаар тоглоом эвдэж сүйтгэдэг байдал ч үгүй болно гэдгийг хэлж байна. Тог­лоомын талбайд спикер байр­луулах ажлыг “Ногоон бүс”-ийг эхлүүл­сэн шиг одоогоор туршиж байгаа бөгөөд үр дүн өндөр гарвал цаашид дүүргийн хэмжээний бүх тоглоомын талбайд суурилуулах юм байна.

Улаанбаатар хотын хэмжээнд Шуурхай удирдлагын төвийн дараа орох, дүүргүүдээс хамгийн анхны теле камерын нэгдсэн төвийг байгуулснаар зөвхөн гэмт хэрэг, зөрчил, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, хамгаалаад зогсохгүй иргэдийг эрүүл, цэвэр орчинд амьдрах, амьдралын зөв дадал хэвшилтэй байлгахад туслах олон талын ач холбогдолтой юм. Түүнчлэн гэмт хэрэгтнийг үйлдэл дээр нь таслан зогсоох боломжийг бүрдүүлсэн тэргүүн туршлага болохуйц ажил болсныг нийтийн хэв журмыг сахиулах албаныхан буюу цагдаагийнхан тусгайлан онцолдог. Чингэлтэй дүүргийн “Нийтлэг үйлчилгээний газар”-т байрлуулсан “Камерын хяналтын нэгдсэн төв” нь нийтийн эзэмшлийн гудамж, талбайд суурилуулсан камеруудын дүрсийг нэгтгэж харах зорилго бүхий 29 ширхэг ханан дэлгэц бүхий нэг дор 2000 ширхэг камерын дүрсийг хянах стандартын шаардлагад нийцсэн зориулалтын шал, хана, хөргүүр зэргийг цогцоор нь шийдсэнээрээ онцлогтой. Уг ажлыг эхэлснээс хойш байнгын хөгжүүлэн, сайжруулж ирсэн бөгөөд серверийн системийг шийдсэнээр камерын төвийн цагдаагийн ажилтнаас гадна дүүргийн цагдаагийн газрын дарга, хороодын хэсгийн байцаагч нар ажлын өрөөнөөсөө өөрийн хариуцсан нутаг дэвсгэрийн камерыг бүрэн хянаж үйл ажил­лагаандаа ашиглах боломж­той болсон юм. Камерын төвөөс суурилуулсан камеруудын хувьд -40 градусаас +40 градуст хэвийн ажиллах горимтой бөгөөд цахилгааны 200-240V хүчдэлийг даах хүчин чадалтай. Олон улсад хэрэгжиж буй “Ногоон бүс” төсөл нь дэлхийн гурван хотод буюу Сөүл, Москва, Лондонд амжилттай хэрэгжиж байгаа бөгөөд камерын хяналтаар нийт гэмт хэргийн 45-47 хувийг илрүүлсэн тэргүүн туршлагыг үндэслэн ийнхүү дүүргийнхээ 8940 хавтгай дөрвөлжин км газар нутгийг иж бүрэн камержуулж, “Ногоон бүс” болгохоор одоо ч ажилласаар. Улаанбаатарыг иргэндээ ээлтэй, аюулгүй хот болгоход Чингэлтэй дүүргийнхэн ийнхүү манлайлал үзүүлж байна.


ТАЛАРХАЛ

Улсын маань нийслэл Улаанбаатар хотын хойморт залрах Чингэлтэй хайрхны өвөрт ажиллаж, амьдарч байгаа дүүргийн иргэд та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе.

Чингэлтэй дүүргийн Засаг даргын хувьд дүүргийнхээ иргэдийн саналыг сонсож, хамтдаа бүтээн байгуулалтыг цогцлоохын төлөө ажиллаж байна. Дүүргийн иргэдэд тулгамдсан асуудал, санал, санаачилгыг дэмжиж ажиллах нь төрийн албанд зүтгэж буй бид бүгдийн үүрэг билээ. 

Иргэдийн аюулгүй, ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэх, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэргийн гаралтыг бууруулах, эко дүүргийг хамтдаа бүтээх зорилгоор Камерын нэгдсэн төвийг байгуулсан. Камерын төвтэй болсон нэг жилийн хугацаанд дүүргийн 24 хорооноос 19-ийг нь бүрэн камержуулаад байна. Цаашид бүх хороог камержуулалтад бүрэн холбохоор ажиллаж байна.

Жишиг болсон энэ ажлыг эхлүүлснээр гэмт хэргийн тоо буурсан төдийгүй, иргэдийн хяналт сайжирч аюулгүй орчинд амьдрах нөхцөл дээшилсэн эерэг үзүүлэлтүүд гарсаар байгаа билээ.

Олон улсад жишиг болсон чухал ажлыг нэвтрүүлж хамтран ажилласан дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын алба, цагдаагийн байгууллага, нийтлэг үйлчилгээний газар, төрийн албан хаагчид болон бидний ажлыг дэмжиж урам зоригоор үргэлж тэтгэж байдаг иргэд та бүхэндээ талархсанаа илэрхийлье.

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА НАЦАГДОРЖИЙН БАТСҮМБЭРЭЛ

 

М.Өнөржаргал

Эх сурвалж: Монголын үнэн сонин №038/24569