“УЛААНБААТАР-БҮСЧИЛСЭН XӨГЖИЛ” ФОРУМ: ЗАСАГ ЗАXИРГААНЫ ШИНЭЧЛЭЛ XИЙX ЦАГ БОЛСОН

1 сарийн өмнө 83
Featured Image
ЭНД СУРТАЛЧИЛГАА БАЙРЛАНА
H БАЙРЛАЛ

Өндөр хамгийн багадаа 200px

Монгол Улсын Засгийн газраас 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд “Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” форумыг энэ сарын 14-нд зохион байгуулна. Уг форумын урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болж, Засаг захиргааны шинэчлэл, төр хувийн хэвшлийн түншлэл, дэд төвийн төлөвлөлт, бүтээн байгуулалт, дагуул хотын талаар хэлэлцэж байна.

Урьдчилсан хэлэлцүүлгийг нээж нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг “Улаанбаатар хотын газар нутгийн хэмжээ Монгол Улсын газар нутгийн 0.3 хувийг эзэлдэг ч улсын нийт хүн амын 49.6 хувь энд амьдарч байна. Товчхондоо Улаанбаатар хот бүх салбарын төв болсон. Энэ нь давуу тал боловч нөгөө талдаа нийгэм, эдийн засгийн шийдэл хүлээсэн олон асуудал дагуулж байгаа. Утаа, замын хөдөлгөөний түгжрэл, орчны бохирдол зэрэг хот төлөвлөлтийн алдаа, түүнээс улбаатай бэрхшээлүүдийг дурдаж болно. Суурь асуудлаа шийдэхийн тулд өөр өнцгөөс харж, хандлагаа өөрчлөх цаг болсон” гэдгийг онцлов.

Хэлэлцүүлгийн эхэнд НИТХ-ын төлөөлөгч, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан “Нийслэлийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн шинэчилсэн төлөвлөлт”-ийг танилцууллаа.

Нийслэл хот 204 хороотой. Үүнээс 189 хороо нь төвийн зургаан дүүрэгт, 15 хороо нь захын гурван дүүрэгт байдаг. Хороодын хүн амын тооны зөрүүнээс шалтгаалж, зарим хорооны иргэд төрийн үйлчилгээг шуурхай авч чадахгүйд хүрсэн. Иймээс нийслэлийн есөн дүүргийг 42 нэгжид хуваахаар төлөвлөсөн. Ингэснээр иргэд төрийн үйлчилгээг 15-20 минутад бүрэн авах боломжтой болно.

Түүнчлэн Улаанбаатар хотыг  42 нэгжид хувааснаар эрүүл мэнд, улсын бүртгэлийн үйлчилгээний чанар, хүртээмж сайжрах, газар олголтын явц жигдрэх, гэмт хэрэг зөрчлийн тоо буурах эерэг өөрчлөлтүүд гарна гэдгийг Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан онцолсон юм.

Эx Сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС