Парламентын нэр хүнд гишүүн танаас шалтгаална

5 сарийн өмнө 189
Featured Image
ЭНД СУРТАЛЧИЛГАА БАЙРЛАНА
H БАЙРЛАЛ

Өндөр хамгийн багадаа 200px

Парламентын нэр хүнд жилээс жилд, өдрөөс өдөрт унаж байгаа нь шууд гишүүдтэй холбоотой. Үүнээс гадна хувь улстөрчийн популизм ч үүнд хамаарна. Сонгогч олонд таалагдаж байвал тэдэнд юу ч хамаагүй. Энэ нь эцэстээ ийнхүү парламентын нэрийг эргэн сэргэхэд бэрх болгочихлоо. Нэгэн жишээ татахад УИХ-ын дарга Г.Занданшатар удаа дараагийн чуулганы хуралдаан дээр гишүүдийнхээ энэхүү увайгүй араншин, популизмаас илт залхсан бөгөөд арга ядсан байдалтай үг хэлсэн.

Ингэхдээ “Өөрсдийнхөө нэр хүндийг ингэж унагаж болохгүй. Улс орноо бодох хэрэгтэй. Сайн хууль гаргах хэрэгтэй. УИХ-ын гишүүн бүрийн нэр төрийг өндөрт өргөх ёстой. Та бүхэнд ард түмэн улсын эрх мэдлийг өгсөн учраас УИХ хэрхэн ажиллаж байгаагаас нийгмийн сэтгэл зүй шалтгаална. УИХ-ын гишүүдийн үйл ажиллагаанаас УИХ-ын нэр төр шалтгаална. Та бүхэн олон түмний төлөөх сэтгэлээр ажиллаж чадвал улс орны байдал сайжирна. Хурал дээр үг хэлж байгаа гишүүд үгээ сайтар бэлдэж ирж бай.

Танин мэдэхүйн асуулт асуух нь байдаг ч заримдаа олны инээдэм болж байна. Энэ байдал удаан үргэлжилбэл хэн нэгний шахалтаар бус УИХ өөрөө тарах асуудлыг тавина шүү” гэж өдгөөгөөс нэг жилийн өмнө хэлж байв. Энэ бол УИХ-ын даргын арга ядсан үг.

Яг л дунд сургуулийн хүүхдэд учирлаж байгаа багш шиг байгааг дээрх үг өгүүлбэрээс харж болно. Ийм л түшээдтэй улс оронд бид амьдарч байна. Гэтэл Д.Ганбат, Ц.Даваасүрэн нараас эхлээд “УИХ ажиллаж чадахгүй байна, Тэр хариуцлага алдсан нөхдийг зайлуулаад аль” хэмээн дайна. УИХ-ын ажлаас нийгэм, улс төр гээд бүхий л зүйл хамаарах хэдий ч шүүх эрх мэдэл эдэлдэггүй гэдгийг уг нь мэдмээрсэн дээ. УИХ хэзээ ч шүүн тасалдаггүй, байцаадаггүй гэдгийг хаа хаанаа мэдэх л учиртай баймаар. Зарим гишүүд ч парламентыг тараах саналтай байгаагаа дуулгадаг. Чухам шоу байсан эсэхийг мэдэхгүй юм.

Парламентыг ард түмэн сонгодог гэдгийг цээжээ дэлдэгчид мэддэг л байгаа даа гэмээр үе ч бий. Тэгэхээр нөхөд өөрсдөө би парламентад суумаар байна гэж уйлан гуйж ирчихээд одоо тараана гээд байгаа нь өөрөө өөрийгөө л хөөж байгаа хэрэг шүү дээ. Тарсан ч тараагүй ч тэд эргээд ард түмнээсээ намайг сонгоод өгөөч хэмээн уйлан дуулаад очино биз дээ. Эндээс харвал өөрийгөө улстөрч гэж бодсон баруун зүүнээ мэдэхгүй нөхөд өөрийнхөө муу ажиллаж байгааг парламентад тохох гэж байна. Та муу ажиллаж байгаа бол танай байгууллага муу байна л гэсэн үг биз дээ. Хамгийн наад зах нь өөрийнхөө муу ажиллаж байгааг улс орноор нэг тунхаглах нь улстөрчийн пиар юм байлгүй дээ. Үнэн хэрэгтээ тэдэнд парламент тараах сонирхол огтхон ч байхгүй гэдгийг хүн бүр шахам мэдэж байгаа.

Яагаад гэхээр сонгогчдын өмнө нулимс унаган зогсохдоо “Монгол Улсыг диваажингийн орон болгоно” гээд залчихсан ч зовлон руу чирч авчирсан хүмүүс. Тиймээс ийнхүү “Парламент ажиллах эрх зүйн чадамжгүй боллоо, тар” хэмээн өөрийгөө аврах санаа агуулж байгаа нь эмгэнэлтэй. Үнэхээр тараах гээд байгаа бол УИХ-ын гуравны хоёрын саналаар парламент тарах эрх зүйн орчин хүчин төгөлдөр мөрдөгдөж буй. Үүнийгээ ертөнцөөр нэг зарлаад байлгүй хоорондоо хэлэлцээд тарчих хэрэгтэй юм. Өнгөрөгч 2017 оны эхнээс түүчээлэн харахад лавтай УИХ-ын гуравны хоёр хувь нь шахуу ийм санал гаргасан байх. Тэр нөхөд л нэгдэхээр хүсэл тань биелэх хэрэг шүү дээ.

Энэ утгаараа нэгэн үе Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Х.Баттулга УИХ-ыг тараах тухай мэдэгдэл удаа дараа хийдэг байв. Даанч тэд чадахгүй. Ерөнхийлөгч асан маань аливаа зүйлд удаа дараа хориг тавих ч түүнийг нохой хуцаж байгаа чинээ санасан нь үгүй. Тиймээс арга ядахдаа “УИХ-ыг тараана” хэмээн бухимддаг байв.

Ямартай ч Үндсэн хуулийн 22 дугаар зүйлийн хоёрт “УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь үзсэнээр буюу эсхүл мөнхүү шалтгаанаар Ерөнхийлөгч Улсын Их Хурлын даргатай зөвшилцөн санал болгосноор өөрөө тарах шийдвэр гаргаж болно” хэмээн заасан нь бий.

Тэгвэл УИХ-ийн бүрэн бүрэлдэхүүн нь өөрөө хэн нэгэн Элбэг, Энх, Тулга, Хүк нарын хүсэл сонирхлоор бус, ард түмний сонголтоор бүрдсэн байгууллага гэдгийг эхлээд саначих хэрэгтэй. Мэдээж хэрэг, Ерөнхийлөгч Үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу УИХ-ыг тараах зарлиг гаргах эрхтэй. Түүнээс хэн нэгэн Ц.Даваасүрэн, хэн нэгэн С.Ганбаатар нарын популистууд “УИХ тар” гэх мэтээр “эр зориг”-оо харуулдаг ч зүйл биш. Тэгэхээр УИХ нь ямар тохиолдолд тарах ёстой вэ гэдгийг хуулийн үүднээс нь аваад үзье.

УИХ-ын тухай хуулийн "31.1.1.Улсын Их Хурлын нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэж хугацаанаас нь өмнө тараах тогтоолын төсөл өргөн мэдүүлснийг Улсын Их Хурал хэлэлцэж ёсоор болгосон.

31.1.2. Ерөнхийлөгч Улсын Их Хурлын даргатай зөвшилцөн санал нэгдэж Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэж хугацаанаас нь өмнө тараах тогтоолын төсөл өргөн мэдүүлснийг Улсын Их Хурал хэлэлцэж ёсоор болгосон.

31.1.3. Ерөнхий сайдыг томилох саналыг өргөн мэдүүлснээс хойш дөчин тав хоногийн дотор Улсын Их Хурал хэлэлцэн шийдвэрлэж чадаагүйгээс Улсын Их Хурлын нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь Улсын Их Хурал өөрөө тарах тухай тогтоолын төсөл өргөн мэдүүлснийг Улсын Их Хурал хэлэлцэж ёсоор болгосон.

31.1.4. энэ хуулийн 31.1.3-т заасан үндэслэлээр Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын Их Хурлыг тараах зарлиг гаргасан.

31.2. Энэ хуулийн 31.1.1- 31.1.3-т заасан тогтоолын төслийг Улсын Их Хурлын нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь дэмжсэн бол Улсын Их Хурал тарах тухай шийдвэр гаргана.

 31.3. Энэ хуулийн 31.1.1-31.1.3-т заасан тогтоолын төслийг Улсын Их Хурлын ээлжит болон ээлжит бус чуулганы үеэр өргөн мэдүүлсэн бол ажлын 7 хоногийн дотор, чуулганы чөлөөт цагт өргөн мэдүүлсэн бол ээлжит бус чуулганыг ажлын 3 хоногт багтаан зарлаж, тухайн асуудлыг хэлэлцэж эхэлснээс хойш ажлын 7 хоногт багтаан шийдвэрлэнэ.

31.4. Улсын Их Хурал өөрөө тарах бол тогтоол, Ерөнхийлөгч Улсын Их Хурлыг тараах бол зарлиг гаргах бөгөөд эдгээр шийдвэр эцсийнх байна.

31.5. Энэ хуулийн 31.1.1-31.1.3-т зааснаар Улсын Их Хурал өөрөө тарах тухай шийдвэр гаргасан бол мөн өдөр Улсын Их Хурлын сонгууль товлон зарлах тухай тогтоолыг хамтад нь батална.

31.6. Ерөнхийлөгч энэ хуулийн 31.1.4-т зааснаар Улсын Их Хурлыг хугацаанаас нь өмнө тараах зарлиг гаргасан бол Улсын Их Хурал уг зарлиг гарснаас хойш 7 хоногийн дотор Улсын Их Хурлын сонгуулийг товлон зарлана.

31.7. Энэ хуулийн 31.5, 31.6-д заасан хугацаанд Улсын Их Хурлын сонгуулийг товлон зарлаагүй бол дараагийн өдрийг Улсын Их Хурлын сонгууль товлон зарласан өдөрт тооцож Сонгуулийн ерөнхий хороо ээлжит сонгуулийг зохион байгуулна.

31.8. Улсын Их Хурлыг хугацаанаас нь өмнө тараах тухай энэ хуулийн 31.1.1- 31.1.3-т заасан тогтоолын төслийг Төрийн байгуулалт, Хууль зүйн байнгын хороод, Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хороо, нам, эвслийн бүлэг урьдчилан хэлэлцэж санал, дүгнэлт гаргана.

31.9. Нэгдсэн хуралдаан Улсын Их Хурлыг тараах тухай тогтоолын төсөл санаачлагчийн илтгэл, Байнгын болон дэд хороо, нам, эвслийн бүлгийн санал, дүгнэлтийг хэлэлцэж ил санал хураалт явуулна.

31.10. Нэгдсэн, Байнгын болон дэд хороо, нам, эвслийн бүлгийн хуралдаан дээр гишүүд төсөл санаачлагчид асуулт тавьж хариулт авах, түүнчлэн үг хэлж байр сууриа илэрхийлэх эрхтэй.

31.11. Улсын Их Хурлыг хугацаанаас нь өмнө тараах асуудлаар Ерөнхийлөгч нэгдсэн хуралдаан дээр үг хэлж байр сууриа илэрхийлж болно" гэж тус тус заажээ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН