Нийт 26 мянган тонн өвс тэжээлийг шууд хүргэхээр ажиллаж буй бөгөөд ирэх саруудад 10 мянган тонн тэжээл хүргэнэ

2 сарийн өмнө 123
Featured Image
ЭНД СУРТАЛЧИЛГАА БАЙРЛАНА
H БАЙРЛАЛ

Өндөр хамгийн багадаа 200px

Улсын Онцгой комиссоос хаваржилтын нөхцөл байдал болон Засгийн газраас авч хэрэгжүүлж буй ажлын талаар мэдээлэл хийлээ. Энэ сарын 19-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд 5 аймгийн 22 суманд “төмөр буюу шилэн зуд”, 18 аймгийн 90 суманд “цагаан зуд” нүүрлэж, нийт 20 аймгийн 192 сум, нийслэлийн 2 дүүрэгт өвөлжилт хүндэрч, өнөөдрийн байдлаар 1.5 сая мал хорогдоод байна.

Засгийн газар, УОК-ын шийдвэрээр хаваржилт хүндэрсэн аймгуудад тусламж үзүүлэх шуурхай бүлгүүдийг сайд нараар ахлуулан орон нутгуудад ажиллуулж, улсын болон орон нутгийн нөөцөд үлдсэн 26000 орчим тонн өвс тэжээлийг нэн хүнд байгаа сум, багт шууд хүргэх ажлыг зохион байгуулж байна. Цаашид хөдөө аж ахуйн бирж дээр хадгалагдаж буй 10 мянган тонн тэжээлийн буудай болон бусад тэжээлийг 3, 4 дүгээр сард хүргэхээр төлөвлөөд байгаа талаар энэ үеэр мэдээллээ. Мөн эрчим хүчийг хэвийн хангах, эрүүл мэнд, зам, дэд бүтцийг анхааран ажиллаж буй. Одоогийн байдлаар аймаг, сумдад тусгай техник хэрэгсэл ашиглан цасанд дарагдсан 54 мянган км зам харгуйг гаргахаар ажиллаж байна.

Улсын хэмжээнд 189 283 малчин өрхийн 72 462 малчин өрх хүндэрсэн нөхцөл байдалтай байгаагаас өвс, тэжээл дууссан 39 414, хүнс, хоолны хэрэгцээтэй 7 863, түлээ түлшний тасалдалтай 5 890, эрүүл мэндийн тусламж шаардлагатай 13 677 айл өрх байна.

Хурлын үеэр Шадар сайд С.Амарсайхан “Малчдын зүгээс анхаарал тавих хүсэлт ихээр ирүүлсэн нь зээл төлөлтийг түр зогсоох явдал юм. Улсын хэмжээнд 190 мянган гаруй малчдаас 140 мянган малчин 1,2 их наяд төгрөгийн зээлтэй буюу дунджаар 21 хувийн хүүтэй, зээлийн дээд хэмжээ 30-50 сая төгрөг байна. Малчид зээлээ ихэвчлэн түлээ түлш, тэжээл, өвс, хүүхдүүдийнхээ сургалтад зарцуулдаг. Малаа барьцаалж зээл авсан тэдэнд зээл төлөлт хүндрэл учруулж буйг учирлан, зээлийн эргэн төлөлтийг хойшлуулахыг хүссэн. Тиймээс энэ оны зургаадугаар сар хүртэл хойшлуулах талаар судалж байна” гэлээ.

Банкнуудын зээл 2023 оны байдлаар өмнөх оны мөн үеэс 23.3 хувиар өсөж 27.1 их наяд төгрөгт хүрч, нийт хэрэглээний зээлийн 14.4 хувийг малчны зээл бүрдүүлж байгаа бол өмнөх оны мөн үеэс 20.4 хувиар нэмэгдэж 1.2 их наяд төгрөгт хүрээд байна.