Мөнгөний ханш цаас болж, юмны үнэ тэнгэрт хадсаны гол өдөөгч нь ТӨСВИЙН ЗАРДАЛ

5 сарийн өмнө 208
Featured Image
ЭНД СУРТАЛЧИЛГАА БАЙРЛАНА
H БАЙРЛАЛ

Өндөр хамгийн багадаа 200px

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэлийг УИХ-аар хэлэлцэж буй энэ үед  2023 онд инфляц хэр байна, түүнд ямар шалтгаан, аль бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ ханш нөлөөлөв гэдгийг авч үзье. Энэ онд мөнгөний ханш үлэмж унаж, хүнс, бараа, үйлчилгээний үнэ өдрөөс өдөрт нэмэгдэж буйг иргэд дэлгүүрт орох тоолондоо биеэрээ мэдэрч яваа билээ. Ирэх жилийн төсөв, мөнгөний бодлогод инфляцын түвшинг  2024 оны сүүлээр 8.5 орчим хувь байхаар төсөөлөөд буй. Харин өнгөрсөн онд өнөө жилийг хэрхэн төсөөлж байсан бэ?

Энэ 2023 онд хэрэглээний үнийн индексээр хэмжигдэх инфляцыг нэг оронтой тоонд, дунд хугацаанд +/-2 нэгж хувийн интервалд, дунджаар  6 хувь орчимд тогтворжуулахад чиглэсэн мөнгөний бодлогыг зах зээлийн зарчимд тулгуурлан хэрэгжүүлнэ гэж байв. Гэвч өнөөгийн нөхцөл байдлын тухайд сүүлийн 20 сар буюу нэг жил, найман сарын хугацаанд инфляцын түвшин тогтмол 10 хувиас дээш гарсаар ирснийг судлаачид хэлдэг. Тухайлбал, Хэрэглээний үнийн индексээр хэмжигдэх жилийн инфляц 2023 оны 6 дугаар сард улсын хэмжээнд 10.6 хувь байж, өнгөрсөн жилд дэвшүүлсэн зорилтот түвшнээс 4.6 хувь өндөр гарч хоёр оронтой тоонд шилжсэн. 

Инфляц ийнхүү зорилтот түвшнээс дээгүүр гарахад нөлөөлсөн дотоод хүчин зүйл юу байв? Мах, махан бүтээгдэхүүний үнэ хавар, зуны саруудад огцом нэмэгдэж, айл гэрийн хэрэглээ төдийгүй нийтийн хоолны үйлчилгээний орцоор дамжиж үнэ өссөн нь инфляцид томоохон дарамт учруулсныг Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах Үндсэн чиглэлийн хэрэгжилтээс үзэж болно. Жишээ татахад сагсан дахь 410 нэр төрлийн бүтээгдэхүүнээс инфляцид  хамгийн өндөр нөлөөтэй 20 бүтээгдэхүүн нийт инфляцын 5.8 нэгж хувийг эзэлсэн байна. Түүнээс 12 нэр төрлийн бүтээгдэхүүн нь дотооддоо үйлдвэрлэдэг хүнс, тэдгээрийн орцтой бүтээгдэхүүн ажээ.

Хонины ястай 1 кг махны үнийн жилийн өсөлт 27,2 хувь болж нийт инфляцид үзүүлэх нөлөө нь 1.3 хувь болжээ. "Алтан тариа" компанийн нэгдүгээр зэргийн савласан 1 кг гурилын үнийн жилийн өсөлт 50.9 хувь, инфляцид үзүүлэх нөлөө нь 0.6 хувь, үхрийн ястай 1 кг махны үнэ 28.6 хувиар нэмэгдэж 0.4 хувь, үхрийн гуяны 1 кг цул махны үнэ 27.7 хувиар нэмэгдэж  0.4 хувь, зүсээгүй ууттай 600 гр-ын "Атар талх"-ны 1 ширхгийн үнэ 30.9 хувиар өсч 0.3 хувь,"Зүсмэл" 900 гр-ын ууттай боорцгийн үнэ  27.1 хувиар нэмэгдэж 0.3 хувь, нийтийн хоолны үнэ, тэр дундаа хамгийн их эрэлттэй хоолны нэг болох цуйвангийн үнэ 23.9 хувиар нэмэгдэж 0.2 хувь, импортын хүнснээс хятад бөөрөнхий сонгинын 1 кг-ын үнэ 39.4 хувиар өсч 0.2 хувь, зоогийн газрын ханшаар тооцвол шилтэй 450 мл-ийн "Сэнгүр" шар айраг 1 шилийн үнэ 19.7 хувиар нэмэгдэн 0.2 хувь, ууттай, 300 гр-ын "Лапша" гоймонгийн үнэ 48.9 хувиар дээшилж  0.2 хувь гэх мэтчилэнгээр нөлөөлжээ.

Эдгээрээс хонь, үхрийн мах, цуйвангаар төлөөлүүлсэн нийтийн хоол, гурил, гоймон зэргийн үнэ нийлээд нийт инфляцын 40.3 хувийг эзэлсэн байна.

Мах, махан бүтээгдэхүүний үнэ өсөхөд зарим аймагт өнгөрсөн өвөл  цаг агаар хүндэрч малын хорогдол нэмэгдсэн, хавар гадагш гаргах махны экспорт эрчимжсэн зэрэг нь махны нийлүүлэлтэд сөргөөр нөлөөлснөөс үүджээ.

Махны үнэ ийнхүү өсөж жилийн 20.4 хувьд хүрсэн нь инфляцын 1.8 нэгж хувийг бүрдүүлсэн хэмээн Монголбанк үзжээ.

Тэгвэл гурил, гоймонгийн үнэ юунаас болж өссөн бэ? Тээврийн зардал, бордоо, үр тарианы үнийн өсөлтөөс шалтгаалан дотоодын улаан буудайн үнэ нэмэгдсэнээр сүүлийн нэг жилийн хугацаанд гурилын үнэ огцом дээшилж, үүнийг дагаад талх, гурил, гурилан бүтээгдэхүүний үнэ өсчээ. Энэ 2023 оны долоодугаар сарын байдлаар гурил, гурилан бүтээгдэхүүний үнэ жилийн 38.2 хувиар нэмэгдэж, инфляцын 2.1 нэгж хувийг дангаараа бүрдүүлсэн байна.

Задгай сүүний үнэ 2023 оны цагаан сарын үеэр буюу хоёрдугаар сард нэг литр тутамдаа 3400 орчим төгрөг болж нэмэгдсэнээр сүүн бүтээгдэхүүний үнэ өсөж өнөөг хүртэл хадгалагдаж буйг тэмдэглэжээ. Эдгээр нь байгаль, цаг агаар болоод цаг үеийн хэрэглээнээс шалтгаалсан үнэ ханшийн өсөлт юм.

Үүнээс гадна мөнгөний ханш цаас болж, юмны үнэ тэнгэрт хадсаны гол шалтгааныг төсвийн зардал өдөөжээ. УИХ-аас өнгөрсөн зургаадугаар сарын 16-ны өдөр төрийн албан хаагчдын цалинг нэмэх шийдвэр гаргасан. Нэмэх нэмэхдээ багагүй өндөр болгосон юм гэсэн. Түүнээс улбаалаад төсвийн зардал өссөн нь тодорхой.

Уг нь  Монгол Улсын хэрэглээний үнийн индексээр илэрхийлэгдэх жилийн инфляцын түвшин сүүлийн 13 сарын хугацаанд 7.7 нэгж хувиар буурч оны дундуур буюу долоодугаар сарын байдлаар улсын хэмжээнд 9.2 хувьд хүрч “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл”-д тусгагдсан инфляцыг 2023 онд 1 оронтой тоонд хүргэх зорилтыг хангасан хэмээн дүгнэж байв. Дээр хэлснээр судлаачид бол 2 оронтой тоонд орсон гэсэн л дээ. Гэхдээ зөрүү нь бага. Гэтэл долоодугаар сарын 1-нээс төсвийн тодотгол хийж төрийн албан хаагчдын цалин, ахмадуудын тэтгэвэр, тэтгэмж нэмсэн нь худалдан авалтыг нэмэгдүүлж, үйлдвэрлэгчдэд дэм болсон ч удалгүй дахин мөнгөний ханш унаж юмны үнэ өсөх дараагийн давлагааны үүдийг нээчихжээ.

Төрийн албан хаагчийн цалин өсөхөд юмны үнэ өснө. Тэгэхээр хувийн хэвшлийнхэн зүгээр сууж болохгүй. Дагуулаад  ажилтныхаа цалинг нэмэхгүй бол нөгөөх юмны үнийн өсөлтөд сөхөрнө. Ингэж бие биеэ дагаж цалин нэмсээр үнийн өсөлтийг хөөрөгддөг гол шалтгаан болдгийг Монголбанкны тайланд дурджээ.

Аргагүй шүү дээ, төрийн албан хаагчийн цалин нэмэгдмэгц хувийн хэвшилд ажиллагчид мөн цалингаа нэмэхийг ажил олгогчдоосоо шаардана.  Ажил олгогч нарт ажлын байраа хадгалахын тулд цалингаа нэмэхээс өөр аргагүй дарамт үүснэ. Энэ байдлаас гарч цалингаа нэмэхийн тулд үйлдвэрлэгчид зардлаа өсгөж, өндөр үнээр үйлдвэрлэсэн  бараа, үйлчилгээний үнэ дагаад нэмэгдэнэ. Тээврийн зардал ч өснө. Ахмадууд үнийн өсөлтөд чирэгдээд ирэхээр тэтгэврийг нь нэмнэ. Цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмэгдэхээр иргэдийн худалдан авалт нэмэгдэнэ. Манайхан мөнгө олохоороо үрж санаа амардаг хойно. Дагаад иргэдийн хэрэглээ буюу бүтээгдэхүүн, үйлчилгээний эрэлт өснө. Энэ нь эргээд үнийн өсөлтийг эрчимжүүлэхэд нөлөөлөн инфляцийг хөөрөгдөх гинжин урвал болно.

Юмны үнэ эрэлтийг дагаад дахиад л нэмэгдэхээр иргэд бас л цалин, тэтгэвэр, тэтгэмжээ нэмүүлэхийг шаардана. Хувийн хэвшлийнхэн өсөн нэмэгдэх цалингийн дарамтаас гарахын тулд ажилтнаа цөөлж цомхотгол хийн цөөхөн чадварлаг ажилтантай болохоос өөр аргагүйд хүрнэ. Халагдсан хүмүүс ажилгүйчүүдийн тоог нэмж, халамж, тэтгэмж хүсэгчид тэр хэрээр олширно. Мөнөөх л хялгас олж дээс томж усанд унасан найзыгаа аврахаар явдаг шоргоолжны үлгэр шиг.

Монголбанкны судалгаанаас харахад цалингийн өсөлт эхлээд инфляцын шалтгаан болж, эргээд мөнөөх инфляц нь цалингийн өсөлтийг бий болгохыг шаарддаг, ингэж харилцан бие биеийнхээ шалтгаан болсоор тасралтгүй эргүүлэгт автах нөхцөлийг үүсгэдэг. Ингэснээр инфляцаас өрхийн орлогын өсөлт рүү, буцаад өрхийн орлогын өсөлтөөс инфляц руу гэсэн урсгал тасралтгүй ээлжилдэг ажээ.

Өдгөө гадаад орчинд эерэг өөрчлөлтүүд бий болж, импортын барааны үнэ алгуур буурч байгаа хэдий ч геополитикийн нөхцөл байдал хаашаа эргэх нь тодорхой бус хэвээр буй нь инфляцид томоохон эрсдэл болсоор байгааг Монголбанк сануулжээ.

Инфляцын өсөлт ганц Монголд ч ийм өндөр байгаа хэрэг бус. “Өндөр инфляцын дарамтын үр дүнд дэлхийн томоохон төв банкууд бодлогын хүүгээ хүлээж байснаас хурдтайгаар нэмэгдүүлж, санхүүгийн нөхцөл улам бүр чангарч байна. Энэ нь хөгжиж буй орнуудын хувьд ам.долларын эх үүсвэрийн зардал нэмэгдэх, гадаад валютын орох урсгал татрах зэрэг эрсдэлийг үүсгэж байна” хэмээн 2023 онд баримтлах Мөнгөний бодлогын Үндсэн чиглэлийн хэрэгжилтэд тэмдэглэсэн байна. 

Нөгөө талаар цар тахал, геополитикийн хүндрэлээс үүдэлтэй нийлүүлэлтийн сүлжээний доголдол, тээврийн саатал багассаны зэрэгцээ олон Төв банк мөнгөний хатуу бодлого хэрэгжүүлсэн нь дэлхий нийтээр үнийн өсөлт саарах нөхцөлийг бүрдүүлж байгаа ажээ. Ийнхүү гадаад инфляц саарсан нь импортын барааны үнийн өсөлтийн дарамтыг бууруулснаас гадна Засгийн газар, Монголбанкнаас шат дараатай бодлогын арга хэмжээ хэрэгжүүлсэн нь инфляцыг одоогийнхоос өндөр авахуулалгүй намжаах гол хүчин зүйл болсныг Мөнгөний бодлогын баримт бичигт дурджээ. Гэвч энэ хичээл зүтгэлийн эсрэг төрийн зүгээс бодлогын том арга хэмжээ авалгүй амраар нь түр зуур аргацааж гал унтраах маягаар цалин, тэтгэвэр нэмээд явбал дээсний үлгэрээсээ хэзээ ч салахгүй, инфляцдаа идэгдсээр л явах нь гарцаагүй ажээ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН