МОНГОЛ УЛС, ХОЛБООНЫ БҮГД НАЙРАМДАХ ГЕРМАН УЛС ИЖ БҮРЭН ТҮНШЛЭЛИЙН ХАРИЛЦААГАА ШАТ АХИУЛЖ, СТРАТЕГИЙН ТҮНШЛЭЛИЙН ТҮВШИНД ХҮРГЭЛЭЭ

2 сарийн өмнө 145
Featured Image
ЭНД СУРТАЛЧИЛГАА БАЙРЛАНА
H БАЙРЛАЛ

Өндөр хамгийн багадаа 200px

МОНГОЛ УЛС, ХОЛБООНЫ БҮГД НАЙРАМДАХ ГЕРМАН УЛС ИЖ БҮРЭН ТҮНШЛЭЛИЙН ХАРИЛЦААГАА ШАТ АХИУЛЖ, СТРАТЕГИЙН ТҮНШЛЭЛИЙН ТҮВШИНД ХҮРГЭЛЭЭ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр Монгол Улсад 2024 оны 02 дугаар сарын 7-8-ны өдрүүдэд төрийн айлчлал хийж байна.

Төрийн айлчлалын хүрээнд 2024 оны 2 дугаар сарын 7-ны өдөр дараах баримт бичгийг байгуулав. Үүнд:

🔸 “Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль” төслийг хэрэгжүүлнэ

“Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль төслийг хэрэгжүүлэх тухай Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг хоорондын хэлэлцээр”-т Боловсрол, шинжлэх ухааны сайд Лувсанцэрэнгийн Энх-Амгалан, Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Зүүн Азийн бүсийн захирал Торстен Гийлэр нар гарын үсэг зурлаа.

Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль (МГТИС)-ийг хоёр улсын Засгийн газрын санаачилгаар 2013 онд үүсгэн байгуулсан. Дээрх хэлэлцээрээр ХБНГУ-ын болон олон улсын, үндэсний дээд боловсролын байгууллагатай нягт хамтран ажиллаж, олон улсын стандартад нийцсэн, туршлагад суурилсан сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх, нарийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, мөн шинжлэх ухааны шинэ мэдлэг, туршлага олгох үйл ажиллагааг үргэлжлүүлэх боломж бүрдлээ. Хэлэлцээрт зааснаар ХБНГУ-ын Засгийн газраас уг төслөөр 4 сая еврогийн санхүүжилтийг олгоно.

🔸 “Монгол-Германы Хархорум экспедиц болон Монгол-Германы Орхон экспедицийн хамтын ажиллагаа үргэлжилнэ

“Монгол-Германы Хархорум экспедиц болон Монгол-Германы Орхон экспедицийн хамтын ажиллагааг цаашид үргэлжлүүлэх тухай Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи, Монгол Улсын Их Сургууль, ХБНГУ-ын Археологийн хүрээлэн хоорондын тохиролцоо”-нд Шинжлэх Ухааны Академийн ерөнхийлөгч, проф. др. Дүгэрийн Рэгдэл, Монгол Улсын Их Сургуулийн ректор проф. др. Дэндэвийн Бадарч, Археологийн хүрээлэнгийн ерөнхийлөгч, проф. др. Фридерике Флесс нар гарын үсэг зурлаа.

Орхоны хөндий дэх Монгол-Германы хамтарсан археологийн судалгаа 1998 онд хоёр улсын Ерөнхийлөгч Н.Багабанди, Р.Херцог нарын ивээл дор эхэлсэн. Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи болон Германы Археологийн хүрээлэн нь өнгөрсөн 25 жилийн хугацаанд Монголын эртний нийслэл Хархорум, түүний ойр орчмын нутаг дэвсгэрийг судлах эрдэм шинжилгээний хамтарсан төслийг амжилттай хэрэгжүүлж ирсэн. Энэхүү тохиролцоогоор Талууд түүхэн дурсгалын байр зүйн зураг боловсруулах, хот, түүний ойр орчмын байршилд малтлага хийх, малтлагын олдворыг судлах, хэвлэх, олон нийтэд хүргэх, монгол, герман, англи хэлээр тайлбар гаргах, телевизийн бүтээл, үзэсгэлэн гаргах зэрэг чиглэлээрх хамтын ажиллагааг үргэлжлүүлнэ. МУИС нь 2015 оноос түнш байгууллагаар хамтран ажиллаж байна.

🔸 МУИС-ийн Археологийн судалгааны төв, ХБНГУ-ын Бонн дахь Рейний Фридрих-Вильгельмийн их сургуультай хамтран ажиллана

“Монгол Улсын Их Сургуулийн Археологийн судалгааны төв, ХБНГУ-ын Бонн дахь Рейний Фридрих-Вильгельмийн их сургуулийн Өвөг ба түрүү түүхэн археологийн хүрээлэн хоорондын хамтын ажиллагааны гэрээ”-нд Монгол Улсын Их сургуулийн ректор, проф. др. Дэндэвийн Бадарч, ХБНГУ-ын Бонны Их сургуулийн Өвөг ба түрүү түүхэн археологийн хүрээлэнгийн захирал, проф. др. Ян Бэмманн нар гарын үсэг зурлаа.

Энэхүү гэрээний хүрээнд Талууд Монгол Улсын нутаг дэвсгэр дэх өвөг ба түрүү түүхэн үеийн археологийн дурсгалт газруудад болон Монголын эртний нийслэл Хархорум ба Орхоны хөндийн дунд урсгал дагуу газарт хайгуул, хөрсний судалгаа, дурсгалын малтлагыг явуулж, мөн ХБНГУ-ын Боннын их сургуульд монголын археологийн салбарын эрдэмтэн, судлаачдыг зочин судлаачаар ажиллах болон магистр, докторын зэрэг хамгаалахад үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлэх ач холбогдолтой.

🔸 Монгол Улсын Удирдлагын академи, Потсдамын их сургуультай хамтран ажиллана

“Монгол Улсын Удирдлагын академи, ХБНГУ-ын Потсдамын Их сургуулийн дэргэдэх “UP Transfer” хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т Удирдлагын академийн захирал, проф. др. Дуламсүрэнгийн Сүрэнчимэг, Потсдамын их сургуулийн дэргэдэх “UP трансфер”-ийн захирал, проф. др. Андреас Бохлен нар гарын үсэг зурлаа.

Санамж бичгийн хүрээнд Монгол Улсын Удирдлагын Академийн Удирдахуйн ухааны сургууль, Потсдамын Их сургуулийн Эдийн засаг, нийгмийн шинжлэх ухааны факультеттэй хамтран зэргийн сургалтад ахисан түвшний магистрын хөтөлбөр “Төрийн бодлого судлал”-ыг (Master of Public Policy)-ийг хэрэгжүүлэхээр боллоо.

Эх сурвалж: Боловсрол, шинжлэх ухааны яам