АРДЧИЛСАН НАМ ШИНЭЭР ТОМИЛОГДСОН НАРИЙН БИЧГИЙН ДАРГАА ТАНИЛЦУУЛЛАА

3 сарийн өмнө 101
Featured Image
ЭНД СУРТАЛЧИЛГАА БАЙРЛАНА
H БАЙРЛАЛ

Өндөр хамгийн багадаа 200px

Ардчилсан намын 4/11 мэдээллийн цагаар Ардчилсан намын Хэрэг Эрхлэх газрын дарга Н.Лхагвадорж, НИТХ-ын төлөөлөгч Д.Энхтуяа, Ардчилсан намын шинээр томилогдсон Нарийн бичгийн дарга Н.Гансүх, Б.Батзаяа, Б.Энхдөлгөөн, Э.Энхпүрэв, С.Цэнгүүн нар оролцож Ардчилсан намын бодлого, шийдлийг танилцуулан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Ардчилсан намын Хэрэг Эрхлэх газрын дарга Ням-Очирын Лхагвадорж: 2024 он сонгуулийн жил эхэлж байгаатай холбогдуулан эрх баригч намын хоосон амлалтуудаас сануулж байна.

МАН өрийн дарамтгүй монгол байна гэж амлалт өгсөн бол өнөөдөр бид бүх шатандаа өртэй байна. Монгол Улсын нийт гадаад өр 31.1 их наяд хүрч нэг иргэн 35 сая төгрөгийн өртэй амьдарч байна. Эрх баригч намын хоосон амлалтуудаас болж ард түмэн өнөөдөр элгээрээ хэвтэж байна.

Хамгийн харамсалтай нь харийн дарамт Монгол Улсад нүүрлээд байна. Хойд хөрш өгдөг эрчим хүчээ 50 хүртэл хувиар хязгаарлахад тусгаар Монгол Улс шууд хараат байдалтай болж байна. Бараа бүтээгдэхүүний үнэ нь хэд дахин нугарч байна.

Жилд дунджаар 1200-4000 иргэн утааны улмаас амь насаа алдаж байна. 2023 он Ардчилсан намын хувьд их эвлэрлийн жил байсан бол 2024 оныг их тэлэлтийн жил болгон зарлаж байна. Залуучууддаа итгэл хүлээлгэх, залуучуудын жилийг бид авчирлаа. Дэд дарга нар, шинэ нарийн бичгийн дарга нар гээд 1980, 1990-ээд оны залууст итгэл хүлээлгэж байна.

НИТХ-ын төлөөлөгч Д.Энхтуяа: Монголын нийгэм маш бухимдалтай байна. Үүнийг иргэд өөрсдөө биеэрээ мэдрээд явж байна. Харин бид эдгээр асуудлыг хэрхэн шийдвэрлэхээ бодлого, хөтөлбөрийнхөө хүрээнд танилцуулах болно.

Ардчилсан намын Нарийн бичгийн дарга Б.Энхдөлгөөн: Ардчилсан нам улс төрийн институцын хувьд хүн төвтэй, хүмүүн капиталыг бий болгохын тулд залуусыг дэмжиж байна. Ардчилсан нам нээлттэй, олон тулгуурт гадаад харилцаатай намын хувьд дотоод хүний нөөцийг чадавхжуулах, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татахын тулд тэдний хүсэл зорилгыг төлөөлөх, манлайлах залуус шинээр томилогдсонд баяртай байна.

Ардчилсан намын Нарийн бичгийн дарга Э.Энхпүрэв: Монгол Улсын нийт 3.5 сая иргэнд боловсролын асуудал хамааралтай. Бидний хувьд болохгүй, бүтэхгүй байгаа тэр болгон боловсролын чанарын асуудал, хүний хөгжилтэй шууд хамааралтай юм. Өнгөрсөн жилүүдэд гаднын олон хөтөлбөрийг туршсаар ирсэн боловч бид өөрсдөдөө таарсан боловсролын системийг бий болгож чадахгүй байна. Хөгжингүй улсуудтай хэрхэн эн тэнцүү суралцах, хөгжих боломжийг эрэлхийлсээр ирсэн. Монгол хүүхдүүдийн биеэ даасан, монгол хүний амьдрахуйд суурилсан чадварыг олгох нь монголын боловсролын салбарт хийх шинэчлэл юм. Бид боловсролын салбарын бодлогыг том зургаар нь харж байна.

Ардчилсан намын Нарийн бичгийн дарга Н.Гансүх: Ардчилсан нам баруун төвийн үзэл баримтлалтай хүний эрх, эрх чөлөөг дээдэлдэг тэр дундаа иргэн өмчтэй байхыг нь хуулиар хамгаалдаг бизнес эрхлэгчдийг дэмждэг ийм нам юм. Ардчилсан нам залуучуудын нам болж шинэчлэгдэж байна. Өнгөрсөн 33 жилийн хугацаанд Ардчилсан намд төр барих, бодлогоо хэрэгжүүлэх боломж хомс байлаа. Эдийн засгийн болон, хөгжлийн бодлогын баримт бичиг багадаагүй боловч хэрэгжилт, хяналт дээр үгүй болсон. Өнөөдөр ардчилсан хувьсгалтай чацуу залуучууд аль хэзээний 2, 3 хүүхдийн аав, ээж болчихсон явж байна.

 

Гэтэл бидний амьдрал, ахуй дээшилсэн, улс орон хөгжсөн зүйл алга. Нэг хүнд ногдох ДНБ 5000 доллар хүрэхгүй байна. Нийт бүртгэлтэй 210 гаруй мянган ААН-ийн 95 мянга гаруй нь л идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна.

 Төрийн ямар ч дэмжлэггүйгээр чөлөөт өрсөлдөөнт эдийн засгийг бий болгож өгөөч ээ гэдгийг хэлмээр байна. Өнөөдөр монгол хүн ажилтай, орлоготой байх шаардлагатай байна.

Ардчилсан намын залуус өөрчлөлт, бодлогын реформыг хийнэ гэдэгтээ итгэлтэй байна. Бид илүү нээлттэй нам болж бодлогоо хэрэгжүүлэх болно.

Ардчилсан намын Нарийн бичгийн дарга Б. Булганбаатар: Өнөөдөр залуучууд ажил хийгээд олсон орлогоороо хангалттай амьдрах боломж алга. Нэг өрөө байрны түрээсийн зардал ажил хийгээд авч байгаа цалин нь хүрэлцэхгүй хэмжээнд байна. Манай улсын нийт хүн амын 30 хувь нь залуучууд байна. Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэнгийн судалгааны үр дүнгээс харахад залуучуудын хамгийн тулгамдсан асуудал нь ажилгүйдэл, авлигал болсон байна.

 

Энэхүү судалгааны үр дүнг харахад 1 сая төгрөгийн цалингаар хэдэн төгрөгөөр нь байр түрээсэлж хэрэглээгээ хангах вэ, мөн үнийн өсөлт маш өндөр түшинд хүрсэн байна. Эдгээр асуудлууд нь залуучуудын амьдрах орчныг үгүй хийж байна. Залуучууд гадагшаа явахыг хүсэж байна. Залуучуудад тулгамдаж буй бодит асуудлууд бол боловсрол, эрүүл мэнд, орчны асуудлууд юм. Эдгээр нь залуусыг амьдрах, хөгжих боломжийг үгүй хийсээр байна.

Мөн парламентын засаглалыг бэхжүүлэх, ардчиллын үнэт зүйлсийг бэхжүүлэх, залуучуудын оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай байна. Ингэснээр төрийн үйл ажиллагааг бодитой, ил тод болгох юм.

 Ардчилсан намын Нарийн бичгийн дарга С.Цэнгүүн: Би дуртай зүйлдээ шинэлэг, дайчин, өндөр бүтээмжтэй ажиллаж чаддаг Gen Z үеийн төлөөл юм. Бид анх төрөхдөө л өмчтэй айлд төрсөн, би үүнд дуртай, дургүй гээд шууд хэлчихдэг сонголт хийх эрх чөлөөт нийгэмд төрсөн үеийн төлөөлөл. Би өөрөө ажлаа хийгээд, хаана ч амьдарч чадна гэдэг өөртөө итгэлтэй залуус бол бидний үеийнхэн. Монгол Улс маш залуу нийгэм учраас энэ үе маань улс төрийн өөрчлөлтийг хүсэж байна. Ардчилсан нам үеийн үед маш том реформуудыг хийчихсэн. Тэгэхээр бид энэ их зоригийг гаргаж шинэ реформыг хийх болно. Хувь хүнд чиглэсэн бодлогын баримтлан ажиллах болно.