Т.Доржханд: Монголчуудаа энэ удаа ногдол ашиг авахгүйгээр Тавантолгойн дулааны цахилгаан станцаа барья

4 сарийн өмнө 175
Featured Image
ЭНД СУРТАЛЧИЛГАА БАЙРЛАНА
H БАЙРЛАЛ

Өндөр хамгийн багадаа 200px

Хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах "Нүүрсний" сонсголын өнөөдрийн үдээс хойших хуралдаанаар Тавантолгой дулааны цахилгаан станцтай холбоотой мэдээллийг сонссон юм. Тус дулааны цахилгаан станцтай холбогдуулан түр хорооны гишүүн болон гэрч байр сууриа илэрхийллээ. 

УИХ-ын гишүүн Т.Доржханд: Өмнөговь аймгийн Даланзадгадын дулаан цахилгааны станцыг Солонгосын ЭКСИМ банкны мөнгөөр барьж байсан. Даанч ашиглаж чадаагүй, зуух нь шатчихсан. 

Бид 5, 10 сая ам.долларын төсвийг 10 жил хийдэг. Засгийн газрын төслүүд нь явдаггүй. Гэтэл дахиад гацах эрсдэл буюу санхүүгийн механизм нь буруу байна даа. Учир нь 30 хувийг нь "Эрдэнэс Тавантолгой" ХК эзэмшинэ гэж гарын үсэг зурсан. Үлдсэн 70 хувийг нь түлхүүр гардуулах дээр нэмэх нь санхүүг нь шийднэ гэсэн олон улсын компани оруулж ирэхээр болсон. 

Санхүүжүүлж байгаа компаниуд өндөр нөхцөлтэй барина. Тендер шалгаруулалтад хоёрхон компани орж ирээд нэгнийгээ шүүхэднэ. Иймэрхүү байдлаар бол энэ төсөл баригдахгүй ээ. 

Тавантолгойн дулааны цахилгаан станцын гаргаж буй эрчим хүчийг урт хугацаанд Оюутолгой худалдаж авах хэлэлцээрийг гэрээнд тусгасан. Энэ бол 100 хувийн үр өгөөжтэй төсөл. Үүнийг УИХ төсөв дээрээ бүсээ чангалаад хэрэгжүүлмээр байна. 

Өчигдөр монголчууд тоггүй байлаа. Хойд хөрш маань тог тасална гэдгээ мэдэгдсэн. Нийгмийн сэтгэл зүй иймэрхүү үед Тавантолгойн дулааны цахилгаан станц барих санхүүжилтийг төсвөөс гаргах ёстой юм. "Эрдэнэс Тавантолгой" ХК-аас санхүүжүүлэлт гаргах нь буруу. 

2020 оны тогтоолоор Засгийн газар бүрэн санхүүжүүлнэ гэсэн шийдвэр гаргасан. Иймэрхүү байдлаар 100 өөрийн мөнгөөр санхүүжүүлэх нь зөв. 70 хувийг нь гаднын хөрөнгө оруулагчаас санхүүжүүлээд төсвөө хэрэгжүүлэх итгэл байна уу. 

Тавантолгой дулааны цахилгаан станцын гүйцэтгэх захирал Г.Тэнгэр: Энэ төсөлтэй холбогдуулан гарсан Засгийн газрын гурван тогтоолоор 30 хувийг нь "Эрдэнэс Тавантолгой" ХК санхүүжүүлэхээр болсон. Үлдсэн санхүүжүүлэлтийг нээлттэй нөхцөлөөр шалгаруулахыг Эрчим хүчний сайдад үүрэг болгосон. 

Таны ярьж буй зүйлтэй зарим талаараа санал нийлж байна. Монголын ард түмэнд цахилгаан эрчим хүч ямар их хэрэгтэйг ойрын өдрүүдэд сайн ойлгож байна. Энэ төслийг аливаа нам харгалзахгүйгээр бүгд дэмждэг. Гэвч санаа байвч мөнгөний асуудал дээр очоод гацдаг. УИХ санхүүжүүлэлтийг шийдээд ирэх оны төсөв дээрээ суулгаад өгвөл энэ төсөл цаашаа явна гэж харж байгаа. 

Тавантолгой дулааны цахилгаан станцын төсвийг ирэх оны төсөв дээр суулгах шиг сайхан мэдээ байхгүй. Үр дүн нь яаж гарахыг мэдэхгүй болохоор одоогийн санхүүжилтийн хэлбэрээр явахаас өөр аргагүй. 

УИХ-ын гишүүн Т.Доржханд: Хятадын Засгийн газраас цаашдаа нүүрсний цахилгаан станцыг барихад хязгаарлалттай хандана гэсэн. Хоёр компани орж ирсэн нь шүүхдэлцээд бүтэхгүй болох магадлал байна. 

"Эрдэнэс Тавантолгой" ХК маш олон төслийг санхүүжүүлсэн байна. Яг бодитой нь гурван төслийг санхүүжүүлэх л ёстой. Үүнд дулааны цахилгаан станц, төмөр зам, баяжуулах үйлдвэр гэсэн төслүүд багтана. 

Хэрэв хувийн компанид санхүүжилт оруулсан атал ашиг байхгүй бол дампуурчихна. Гэтэл улсаас хариуцлага тооцохгүй байгаа учраас амьдраад л байна. Нүүрс баяжуулах үйлдвэр болон төмөр зам барьчихвал том оврын машинтай компаниуд нь дампуурчихна гэсэн хөгийн байдлаас болж "Эрдэнэс Тавантолгой" ХК бэлэг тараадаг ажилтан болсон. 

Ашигтай төсөл учраас Оюутолгой дулааны цахилгаан станц барина гэхэд үгүй бид өөрсдөө гэсэн. Даахгүй нохой булуу хураана гэдэг шиг одоо хүртэл цахилгаан станц ч үгүй байна. Улс төрчид нь сонгогдож гарч ирээд шийдвэрээ өөрчилдгийн зовлонг монголчууд үүрч байна. 

Засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК ногдол ашиг тараана гэсэн шийдвэр гаргаж байна. Монголчуудаа энэ удаа ногдол ашиг авахгүйгээр Тавантолгойн дулааны цахилгаан станцаа барья. Харин иргэдэд мөнгийг нь үр өгөөжөөр өгөх боломжтой гэж ойлгуулах ёстой. Ингэж чадвал монголчууд "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн мөнгөөр Тавантолгойн дулааны цахилгаан станц барина гэсэн шийдвэрийг гаргаж чадна.