Нүүрсний хулгайд нэр холбогдсон Д.Амарбаясгаланг буланд шахаж эхлэв

4 сарийн өмнө 147
Featured Image
ЭНД СУРТАЛЧИЛГАА БАЙРЛАНА
H БАЙРЛАЛ

Өндөр хамгийн багадаа 200px

Нүүрсний хулгайг Хянан шалгах Түр хорооны нээлттэй сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилж, нүүрс дагасан бүлэглэл, тэдний хэлхээ хамаарлууд ил болсноор эрх баригчдын доторх гал дээр гарцаагүй тос нэмэх болов.

Нүүрсний хулгайн хэрэгт сөрөг хүчин Ардчилсан намаас УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, Ш.Адьшаа нарын нэрс ил болж байгаа бол нүүрс дагасан сенсацийг улам дөгөөж, иргэдийг төөрөгдүүлж худал мэдээлэл тараасан “ял”-д УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Т.Доржханд нар унаж байгаа харагдсан.

Тэр бүү хэл “шударга ёс”-ны манаач гэгдэх С.Ганбаатарын эхнэр нүүрсний хулгайн хэрэгт нэр холбогдож, нүүрний арьсаа хуу татуулж, мань эр хэлэх үггүй минчийсэн юм л түнтэгнэж байгаа нь ямар ч эх орончийн багийг “хулгай” тайлж болдгийг харуулав. Энэ мэтчилэн цаашид улс төр дэх “од” болох операци улам идэвхжиж, түүнийг тойрсон дэнгийн эрвээхий мэт шавсан хэчнээн улстөрч шатаж үхэхийг таах аргагүй юм.

Ойр зуурын энэ мэтхэнийг анзаарч суух нь ээ, хамгийн ихээр бухимдаж, бархирч байгаа хүмүүс нь МАН-ынхан байна. Цаашид ч улам чарлалдах нь дамжиггүй. Үүнийг хараад Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ ямар шийдвэр гаргах бол гэдэг хүлээлт байсаар байна.

Нүүрсний сонсгол яалт ч үгүй МАН доторх хагарлыг улам тодорхой болгож байна. Хянан шалгах Түр хорооны нотлох баримтыг шинжлэн судалж буй шинжээчдийн нотолсноор “Нүүрсний хулгай”-н цан цохисон Л.Оюун-Эрдэнийн дэргэдээс хулгайчид ил болж эхлэв.

2016 оноос хойш МАН-ын генсекийн үүргийг тасралтгүй гүйцэтгэж, ЗГХЭГ-ын даргын албыг давхар хаших болсон Д.Амарбаясгалан өөрийн найз болох МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагдын төрсөн ах Ц.Ламжавын “Админерал” ХХК-иар дамжуулан “Эрдэнэс Тавантолгой” ХХК-иас 47 мянган тонн нүүрс авсан баримт ил болж шуугиан тарьж байв.

Д.Амарбаясгалан тус компанитай ямар нэгэн байдлаар холбоо хамаарал байхгүй талаар хэлж байсан ч зүү орох зайгүй ойр явсан тэднийг нүүрснээс салгаж ойлгох ямар ч боломж байхгүй хэмээн яригдаж байсан юм. Тэгвэл Д.Амарбаясгалантай холбоотой нүүрсний асуудал үүгээр зогссонгүй.

Нотлох баримтыг хянан шалгах шинжээчдийн олж тогтоосноор ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийн хамаарал бүхий “ЭСДЭ” ХХК Монгол Улсын хилээр 3.8 мянган тонн нүүрс гаалийн бүрдүүлэлт хийлгүй гаргасан байж болзошгүй талаар өчигдөр мэдэгдсэн. Ингэснээр нүүрсний хэргийн гол төлөөлөгч гэгдэж ирсэн Д.Амарбаясгалангийн нүүрсний баримтууд эхнээсээ ил болж байна. Тэрбээр үүнийг үгүйсгэсэн ямар нэгэн тайлбар одоогоор хийгээгүй байгаа юм.

МАН-ын гал тогоог долоон жил барьсан ч эцэст нь нүүрсний хэрэгт нэр холбогдож, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн нүүрсний хулгайг ил болгох шударга ёсны тэмцлийн өмнөөс “салаавч” гаргаад зогсчихов. Үнэхээр шударга ёс тогтооё гэвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дэргэдэх Баясаагаа явуулахаас өөр замгүй болж байна. Түүнийг албан тушаалд нь байлгаад байвал шударга ёсны тэмцэл нь үнс болчих гээд, ацан шалаанд орчихлоо.

Сүүлийн үед Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарын дунд таагүй харилцаа бий болсон талаар улс төрийн хүрээнд ярих болсон. Генсек Д.Амарбаясгалангийн хувьд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын танхимд байгаа ч түүнтэй гэхээсээ илүүтэй Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дэргэд шадарлаж яваа. Тиймээс Ерөнхий сайдын гэхээс илүү Ерөнхийлөгчийн үгийг дагах болсон гэнэ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар хуулийн сайд Х.Нямбаатараа явуулсан. Хуулийн салбарт карьер нь өсөж явсан Х.Нямбаатар ганц тохироо хийсэн нь “Өөрийнхөө орны сайдыг өөрөө санал болгоно” гэхэд нь Ерөнхий сайд зөвшөөрсөн байна. Х.Нямбаатар өөрийн оронд Хууль зүйн байнгын хорооны дарга Б.Энхбаярын санал болгосноор өнөөдөр тэр Х.Нямбаатарын ахалж байсан нүүрсний сонсголыг оронд нь ахалж, хуулийн салбарыг толгойлж байгаа юм.

Х.Нямбаатар, Д.Амарбаясгалан нар эртний бие биенээ үзэж чадахаа байсан улс. НАМЗХ-ны Дэд ерөнхийлөгчийн суудлаас эхтэй “тулаан” тэдний дунд өс зангидсан байдаг. Тиймээс нүүрсний сонсгол дээр ч мөн тэдний би, чи-гийн тулаан үргэлжилж байна. Энэ нь цаагуураа ирэх жилийн сонгууль угтсан нэр дэвшилтийн квотын төлөөх толхилцоон л доо.

Тиймээс Б.Энхбаяр “Нүүрсний сонсголын үеэр МАНай намын гишүүдийн ч асуудал яригдана” гэж хэлж байсан нь ийм учиртай. Энэ удаагийн нүүрсний сонсгол МАН доторх эрх мэдлийн төлөөх тулаан гэж ойлгогдохоор байгаа юм. Тиймээс Д.Амарбаясгаланг чиглэсэн нүүрстэй холбогдсон асуудлууд өндөр авах магадлалтай.

Нүүрсний сонсголд гэрчээр дуудагдсан 267 хүний нэр зарлахад Д.Амарбаясгалангийн нэр орж ирэхэд маш цочир хүлээж авсан гэдэг. Төрийн тэргүүнтэй ойр явж ирсэн УИХ-ын дарга Г.Занданшатар, Сү.Батболд нарын ойрын хүн гэгдэх Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваа, Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Ж.Эрхэмбаатараас эхлээд нүүрсний “хулгай”-д нэр холбогдох болов. Ж.Эрхэмбаатар МАН-ын генсек Д.Амарбаясгалангийн зөвлөхөөр ажиллаж байсныг санахад илүүдэхгүй.

Тиймээс Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, МАН-ын генсек Д.Амарбаясгалан ба бусад хүмүүсийн эсрэг талд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, хотын экс мээр Д.Сумъяабазар, Хотын дарга Х.Нямбаатар, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр нар зогсож байна.

Нам доторх толхилцооноос хэн илүү шарх авч үлдэх, хэн илүү барьцаа олж чадах вэ гэдэг асуултын хариулт л үргэлжилсээр байгаа юм. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, генсек Д.Амарбаясгалан нар нүүрсний сонсголын өмнө уулзаж, нүүрсний сонголд шууд нэрс зарласан асуудлуудаар уулзаж ярилцсан гэх мэдээлэл бий.

Гэсэн ч сонсголд дуудагдсан хүмүүсээс Төрийн ордонд суугаа Д.Амарбаясгалан сууж харагдсангүй. Ямартай ч нүүрсний сонсголоор МАН-ын генсек, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгаланг буланд шахаад эхлэв.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нүүрсний хулгайтайгаа тэмцэж чадах уу, дэргэдээ байгаа нүүрсний хамааралтай хүмүүсээ хаацайлан үлдэж, 2024 оны сонгуульд хэлэх үггүй орох уу гэдэг анхаарал татна. Шинэ он гарахад 12 хоног дутуу байгаа ч шинэ оноос өмнө МАН дотор томоохон хөдөлгөөн хийгдэх нөхцөл бүрдээд байна.