Аудит: “Дуучин” даргаар удирдуулсан Завхан аймгийн ИТХ-ынхан 340 гаруй сая төгрөгийн алдаа, зөрчил гаргажээ

1 сарийн өмнө 597
Featured Image
ЭНД СУРТАЛЧИЛГАА БАЙРЛАНА
H БАЙРЛАЛ

Өндөр хамгийн багадаа 200px

Төр төсвөө захиран зарцуулахдаа үр дүнтэй, үрэлгэн биш зарцуулах үүрэгтэй. Учир нь төрийн мөнгө гэж байхгүй татвар төлөгчдийнх учир төрийн үрэлгэн байдлын үйлийг татвар төлөгчид үүрдэг жамтай. Тиймээс төрөөс баталсан төсвийн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийг ягштал мөрдөж л ажиллах учиртай.

Засгийн газрын тэргүүнээсээ эхлээд зааг ялгаатай төсөвтөө хандъя. Хэмнэж болох зардлаа танъя. Хэмнэлтийг өөрсдөөсөө эхлэе гээд энэ чиглэлээрээ ч өнгөрсөн онд төсөвтөө тодотгол хүртэл хийгээд бодлогоо тодорхойлоод явсан. Гэтэл харамсалтай нь намынх нь хурган дарга нар өнгөрсөн хугацаанд хэмнэх нь битгий хэл хэт үрэлгэн зардал гаргаснаас гадна албан тушаалын давуу байдлаа ашиглан ашиг хонжоо хүртсэн байж болохуйц но-той асуудлууд их байх юм.Тухайлбал,

Завхан аймгийн ИТХ-ын даргаар МУСТА Нацагийн Тамир гэх дуучинаар удирддаг. Түүний удирддаг ИТХ-ынхан 2023 онд нийт 340,6 сая төгрөгийн алдаа, зөрчил гаргасан бөгөөд 250,3 сая төгрөгийн санхүүгийн зөрчил, 93 сая төгрөгийн алдаа гаргасан байна. Улмаар Аудитын байгууллагаас аудитын хамгийн муу дүн буюу “ХЯЗГААРЛАЛТТАЙ” гэх үнэлгээ өгчихөж.

Санхүүгийн олон зөрчил дунд нь алба хаагчдынхаа дархлааг дэмжих нэрийдлээр жимс хүртэл тараасан зэрэг “шог” зөрчлүүд ч байна.

Ингээд Завхан аймгийн ИТХ-ын санхүүгийн тайланд хийсэн Аудын шалгалтаар илэрсэн зарим зөрчлүүдийг тоочьё.

-Аймгийн Иргэдийн төлөөлөгчийн тойрогт ажиллах зардлыг төлөөлөгч нарын хувийн дансанд 196.800.000 төгрөгийг шилжүүлсэн байна. Энэ нь Засгийн  газрын 2021 оны 402 дугаар тогтоолоор баталсан журмыг зөрчсөн үйлдэл юм. Өөрөөр хэлбэл тойрогтоо зарцуулах нэрийдлээр төлөөлөгч бүрийнхээ дансанд төсвийн мөнгийг хяналтгүй шилжүүлэн өгсөн ноцтой зөрчил илэрчээ.

-Хороодын үйл ажиллагаанд зориулж төсөв баталж, зориулалт бусаар зарцуулсан. Мөн зарцуулалт нь анхан шатны баримтаар нотлогдохгүй байна. Тэр ч бүү хэл зарим гишүүд нь бас өөрсдийнхөө хувийн данс руу шилжүүлж авсан зөрчлүүд гаргажээ. Нэг ёсондоо хулгай л даа.

-Төсвийн хөрөнгөөр бэлэг дурсгалын зүйл худалдаж авсан 8.000.000 төгрөгийн зөрчил байна. Энэ нь Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 15.1-д “Төсвийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдэд дараах зүйлийг хориглоно”, 15.1.5-д “Төсвийн болон байгууллагын хөрөнгөөр бэлэг дурсгалын зүйл худалдан авах” гэсэн заалт стандартын нийцсэн бөгөөд зохистой байх гэсэн батламж мэдэгдэлтэй нийцэхгүй байна.

-Алба хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааны хөтөлбөр баталж, уг хөтөлбөрийн хүрээнд алба хаагчдын дархлаа дэмжих нэрээр хүн бүрд жимс өгсөн 1.200.000 төгрөгийн зөрчил илэрчээ. Энэ нь мөн л Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэд хэдэн заалтыг зөрчсөн үйлдэл юм.

-Төсвийн хөрөнгөөр тоног төхөөрөмж худалдан авсан байна. Ингэхдээ цахим дэлгүүрээс худалдан авалт хийгээгүй 10,1 сая төгрөгийн зөрчил байна. Энэ нь Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 14-р зүйлийн холбогдох заалтыг зөрчсөн байна.

-Аймгийн ИТ-ийн хурлын хэрэгцээнд ус ундаа, чихэр жимс худалдан авч төсвийн хөрөнгийг үр ашиггүй, үрэлгэн зарцуулсан 5,2 сая төгрөгийн зөрчил байна. Энэ нь мөн л Төсвийн тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн үйлдэл юм.

Энэ мэтчилэн зөрчлүүд хөвөрсөөр нийт 250,3 сая төгрөгийн зөрчлийг Завхан аймгийн ИТХ гаргажээ. Харин алдаа нь 90,3 сая төгрөг байгаагийн дотор байгууллагаас авах авлагын бичилтийг буруу хийсэн 19.000.000, балансаас балансад шилжин ирсэн авто тээврийн хэрэгслийг орлогоор бүртгээгүй 74.000.000 төгрөгийн алдаа байна. Эдгээр нь магадгүй хувьдаа завших гэсэн санаархал байж мэднэ гэх хардлага ч төрүүлж байна.

Аудитын дүгнэлттэй холбогдуулан Завхан аймгийн ИТХ-ын дарга Н.Тамираас тодруулга авах гэсэн боловч “Хууль журмынхаа дагуу захиран зарцуулсан” гэж төрийн хяналтын байгууллагын дүгнэлтийг үгүйсгэж, улмаар гэмт хүн гэлбэлзэнэ гэгчээр тайлбар өгөхөөс илт татгалзсан юм.

Төрийн албыг удирдан ажиллахдаа төсвийн мөнгийг гамгүй зарцуулдаг, зарцуулахдаа зүй ёсны хууль, журмыг баримтладаггүй ийм үйллүүдийг таслан зогсоож байж л жинхэнэ хэмнэлт болох учиртай. Дээгүүрээ нүүрсний хулгай, Хөгжлийн банкны хулгайг ил болгоё, авлигын эсрэг жил болгоно, төсвийн хэмнэлтийг өөрсдөөсөө эхлүүлье гэж хэчнээн чанга дуугарсан ч доод албан тушаалын төлгөн дарга нар чинь татвар төлөгчдийн мөнгөн дээр энэ мэтээр найрлаж байна.